Хүүхдэд ном уншиж өгөх ямар ач тустай вэ?

2011-05-29,
Хүүхдэд ном уншиж өгөх ямар ач тустай вэ? 2010 оны 12-р сарын 31, Баасан гариг, 10:33 Д.Ариунцэцэг Хэвлэх


Эцэг эхчүүд хэсэгхэн зуур ч атугай бүх ажил төрөл, үүрэг даалгавраа хойш тавин хүүхдэдээ өөрийгөө бүрэн зориулж, өөрсдийгөө тэдэнд хайртай гэдгээ мэдрүүлж, тэдэнтэй ярилцаж, тоглож, хамт зугаалж, энхрийлж байх нь ялангуяа бага насны хүүхдийн төлөвшилтөд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Хамтдаа ном үзэж, харилцан ярилцах нь үүнд чухал хувь нэмэр оруулах бөгөөд ингэснээрээ та ч бас хүч энерги авч чаддаг байна. Учир нь өдөр тутмын цухалдангуй амьдралаас таныг салгаж, хүүхдийн ертөнцөд аваачиж тайвшируулдаг ажээ.
Та буйдан дээрээ хүүхдээ тэврэн тухлаад зурагтай ном хамтдаа үзэж, тайлбарлан ярих нь хүүхэд тань хэдийгээр хэлд ороогүй байгаа ч  та хоёр аль хэдийнэ хоорондоо харилцан ойлголцож, хөгжилдөж чадаж байна гэсэн үг. Хэрэв та өдөрт 15-хан минутыг ингэж хүүхдэдээ зориулж хэвшвэл түүний хөгжил хүмүүжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж чадна. Хүүхдийнхээ ирээдүйд хийж байгаа хамгийн өртөг багатай мөртлөө хамгийн зугаатай, үр дүн сайтай хөрөнгө оруулалт бол ном уншиж өгөх явдал гэдэгт та итгэлтэй байж болно. Учир нь зурагт ном үзэж тайлбарлан ярилцах нь зугаатай байхын зэрэгцээ цаагуураа маш олон чадварыг хүүхдэд давхар олгож байдаг. Хамгийн гайхалтай нь орчин үеийн дэвшил болох телевиз, радио, интернет, гар утас, цахим тоглоом гэх мэт мэдээллийн хэрэгслүүдийн аль нь ч хүүхдийн хөгжилд ийм олон төрлийн эерэг нөлөө зэрэг үзүүлж чаддаггүй. Үүнийг эн түрүүнд эцэг эх, үр хүүхдийн нандин холбоо, амьд харилцаан дээр суурилж, мэдээллийн хэрэгслүүдийн хамгийн хил хязгааргүй нь болох номыг ашиглаж байгаатай холбож тайлбарлаж болох юм. 

Бага насны хүүхдэд ном уншиж өгснөөр тэдний хөгжилд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?

1.   Хүүхдэд сэтгэлзүйн хувьд таатай нөлөө үзүүлж эерэг мэдрэмжийг хөгжүүлнэ
•    Хүүхэдтэйгээ ойр дотно байх хамгийн сайхан агшин. Учир нь хүүхэд аав, ээжийнхээ өвөр дээр суух их дуртай байдаг ба эх эцгийнхээ халуун дулаан уур амьсгал, зөөлөн энхрийллийг   биеэрээ мэдэрдэг. Ингэснээр өвөр дээрээ хүүхдээ суулган ном унших нь хайрын сэтгэлийг хүүхдэд мэдрүүлж тэдэнд аав ээж нь найдвартай нөмөр нөөлөг юм гэдгийг ойлгуулдаг.
•    Аав, ээж, ойр дотны хүндээ итгэх итгэлийг нь батжуулна
•    Ном уншихыг сонсож буй хүүхдэд олон янзын асуулт урган гарч ирдэг. Иймэрхүү байдлаар асууж ярилцсаар цаашид эцэг эхтэйгээ илэн далангүй харьцах, өөрт тулгарсан асуудлаа тэдэнтэй хуваалцаж сурдаг.
•    Өөрийнхөө сэтгэл санааг хүнд ил тодоор илэрхийлэх нөхцөл болдог ба энэ нь ирээдүйд өөрийнхөө санаа бодол, мэдрэмжийг зөв зохистой үгээр илэрхийлэх чадварт сургадаг.
•    Бусдыг ойлгож мэдрэх чадварыг төлөвшүүлдэг. Уншигч, сонсогч хоёр бие биендээ харилцан анхаарал төвлөрч бие биенээ хүчтэй мэдэрч байдаг учраас бусдын сэтгэл санааны эерэг, эсрэг байдлыг мэдрэх, энэ байдлыг хуваалцах  мэдрэмж хөгжиж байдаг байна. Түүнчлэн номон дээрх үйл явдлаас нийгмийн харьцааг таньж мэдэн, хөндлөнгийн хүмүүсийн тухай сонсож,  тэдний дадал зуршил, зорилго-төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч сурдаг.
•    Хүүхэд зөвхөн өөрт нь зориулж цаг зав, анхаарал тавьж байгааг  анзаарснаар өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, бусдаар хүлээн зөвшөөрөгдсөн бие хүн гэдгээ ухамсарлаж эхэлдэг байна.


2. Хүүхдийн хэл ярианы хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ
Хүний хөгжлийн хамгийн хурдацтай үе нь эхний 3 жил байдаг бөгөөд энэ насны хүүхдийн хөгжлийн нэг чухал хэсэг нь хэл ярианы хөгжил юм. Хоёр нас хүрэхэд хүүхэд нийт 20-50 үгтэй болсон байх ба асуулт тавьж эхэлдэг. Тэдний хэлдэг өгүүлбэр нь хоёр буюу гурван үгнээс бүтдэг. Хүүхдэд ном уншиж өгөх үйл явцад өгүүлбэр бүр, зураг бүр хүүхдийн үгсийн санг баяжуулж бататгаж байдаг. Мөн бага хүүхдүүд томчууд өөрсдөд нь зориулж, өөрсөдтэй нь хамт дуулж, гар хуруугаараа тоглоход их дуртай байдаг. Хүүхдүүд дууны хэмнэл, ая, шүлэг давталтыг дуртайяа сонсож, дагаж дуурайх явцдаа хөгжмийн анхан шатны мэдлэг олж авч, үүний зэрэгцээ хэл яриа нь хөгжиж байдаг. 3 наснаас хүүхэд аажмаар өнгө ялгаж эхлэх ба энэ үеэс уншиж өгсөн зүйлтэйгээ холбоотой зураг дүрслэн зурах оролдлого хийж эхэлдэг.

Ном их уншиж өгснөөр хүүхэд сайн ярьж чаддаг болно. Гэхдээ их ярьдаг гэдэгтээ гол нь биш дүрмийн дагуу буюу хэл ярианы зөв хэрэглээг эзэмшдэг. Энгийн хоорондын харилцаандаа бид ихэвчлэн богино өгүүлбэрээр буюу урт гэхдээ ихэвчлэн бүрэн төгс биш өгүүлбэрээр ярилцдаг. Харин номон дээрх өгүүлбэрүүд илүү тод дүрслэл, тодотгол, тусагдахууныг агуулах буюу нийлмэл өгүүлбэрийг хэрэглэсэн байдаг. Ийм өгүүлбэрүүд бидний өдөр тутмын жирийн ярианд төдийлөн хэрэглэгддэггүй. Тиймээс ном уншсанаар хүүхдүүд дүрмийн хувьд зөв, уран найруулгатай хэлний хэрэглээг мэдэж авдаг.  Ном бол мэргэжлийн хүмүүсээр олон дахин хянуулсан байдаг тул алдаагүй мөн зохистой зөв найруулгатай болсон байдаг.
Номтой эрт харьцаж сурсан хүүхэд бусад хүүхдээс хэл ярианы хөгжлийн хувьд илт давуу (нэгтгэн дүгнэх, задлан нарийвчлах, өөрийнхөө бодол санаа, мэдрэмжийг үгээр илэрхийлэх гэх мэт) байдаг нь судалгаагаар аль эрт батлагдсан.


3.  Хүүхэд анхаарлаа сайн төвлөрүүлж сурч, ой тогтоолт нь сайжирна
Ном уншихыг сонсох юмуу зураг хамтдаа ажиглан ярилцах нь анхаарал төвлөрөлтийг сайжруулах хамгийн шилдэг дасгалуудын нэг мөн. Сонсох явцад үйл явдалтай холбогдох зургийг хүүхэд ажиглан харж байдаг учир хуудсан дахь зураг тус бүрийг анзаарч, тэр нь ой тойнд нь тогтоогдож байдаг. Хүүхэд өөрийнх нь дуртай үлгэр, өгүүллэгийг дахин дахин давтан уншиж, ярьж өгсний дүнд үйл явдлыг нь цээжилж тогтоосон байдаг. Энэ нь сонсох ой тогтоолтод суралцаж байна гэсэн үг. Тиймээс хүүхдээ нэг л сэдвийг дахин дахин уншуулахыг хүсэхэд битгий дургүйцээрэй.

4.  Тэсвэр тэвчээртэй болгоно
Тэвчээргүй хөдөлгөөн ихтэй хүүхдэд тайван сууж анхаарлаа төвлөрүүлж сурахад тусална. Ялангуяа дараа нь үйл явдлаас ургуулан зураг зурах, баримлаар гол баатруудыг дүрслэн бүтээх нь тийм хүүхдүүдэд сайн дасгал болж өгнө.

5.  Уран сэтгэмжийг хөгжүүлнэ
Номын үйл явдалд автсанаар хүн санаа бодлоороо байгаа орчноосоо өөр орчин, өөр цаг үед орох бөгөөд энэ нь уран сэтгэмжийг хөгжүүлэх гайхалтай нөхцөл болдог. Зохиолын үйл явдлаас ургуулан бодох, ерөнхийлөн  дүгнэх хийсвэр сэтгэлгээ хөгждөг бөгөөд энэ байдлыг нь эцэг эхчүүд хөхиүлэн дэмжих хэрэгтэй. Хийсвэрлэж ургуулан бодох сэтгэмж сайтай байх нь хүүхдийн бүтээлч байдалд сайнаар нөлөөлдөгийг сэтгэл судлаачид зөвлөдөг.

6.  Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг
Ялангуяа унших  явцад хүүхдээ идэвхтэй оролцуулж, асуусан асуултыг нь дэмжин, бүрэн дүүрэн хариулт өгч,  өөрөөр нь тэр үлгэр, өгүүллэг ямар байдлаар үргэлжлэх, төгсөхийг төсөөлүүлэх, уншиж дууссаныхаа дараа харилцан ярилцах, хүүхдэд зориулсан нэвтэрхий толиос холбогдох зүйлсийг лавшруулан уншиж өгөх, зураг зурах зэргээр хүүхдийн идэвхийг улам өрнүүлснээр тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.

7.  Хүүхдэд асуудал шийдвэрлэх арга замыг зааж өгнө
•    Хүүхэд 2 нас хүрэхийн алдад хорвоогийн бүхий л зүйлийг сониучирхаж, бас хамтын амьдралын холбоо харьцааг мэдэрч, өөрийн хүсэлтэй зохицуулж хараахан сураагүйгээс зөрүүд зан гаргах зэргээр авирлаж эхэлдэг. Томчуудын зүгээс юу зөв, юу буруу, болохгүй гэдгийг энэ насны хүүхдэд тайлбарлан ойлгуулахад хэцүү байдаг нь хүүхдийн нас арай балчир байгаатай холбоотой юм. Харин энэ сэдэв тусгагдсан номыг хамтдаа үзэж, тэнд асуудлыг хэрхэн шийдсэнийг хамтдаа харвал илүү үр дүнтэй байдаг. Номон дээр бяцхан хүү гайхалтай гоёмсог машин дээр баясгалантай гэгч нь сууж тоглож байгаа, нөгөө зурган дээр ээж нь дүүг нь тэвэрсээр эмнэлгээс ядран гарч ирж байгаа, эсвэл нэг бяцхан охин зүгээр л зөрүүдлэх дур нь хөдөлж „үгүй“ гэхээс өөр үг хэлэхгүй байгаа гэх мэт өөрийнх нь амьдралд тохиолддог дүр зургуудыг олж танин гайхширч, тэнд хэрхэн энэ асуудлыг шийдвэрлэж байгааг дахин дахин харж, ярилцсанаар хэсэг хугацааны дараа  тэдэнд биеэ зөв авч явах, бусад хүмүүсийн саналыг хүндэтгэн үзэх үзэл аажмаар төлөвшин тогтдог байна. Өөрийнх нь дуртай үлгэр, өгүүллэгийн үйл явдлыг дахин дахин давтсаны дүнд хүүхдүүд зохиолын агуулга болон тэдний өдөр тутмын амьдралд тохиолдох  үзэгдлүүдийг сэтгэлзүйн үүднээс ялган салгаж дүгнэлт хийж сурдаг.
•    Эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ зөрчилтэй асуудлаар ярилцах хамгийн тохиромжтой боломж олгодог. Ичимхий, нээлттэй биш хүүхдүүд ч бас номонд гарч байгаа үйл явдалтай холбоотойгоор өөрт нь тулгарсан асуудал, эмзэглэж явдаг мэдрэмжийнхээ талаар ярих боломжтой байдаг.

8.  Хүүхдийг тайван нойрсуулах нөхцөл бүрдүүлдэг
Хүүхдүүд үдэш унтахаар орондоо орох тийм ч дуртай  байдаггүй. Тэд ядарсанаа анзаарч мэддэггүй мөн шууд унтахыг хүсдэггүй. Энэ үед тэднийг аажмаар тайвшуулан нойрсуулахад тохирсон ном уншиж өгөх нь гайхалтай үр дүн өгдөг.  Оройн хоол идсэний дараа бага зэрэг тоглох, дараа нь юмаа эмхэлж цэгцлэсний дараа шүдээ угаагаад унтлагын хувцсаа өмсөн орондоо орж, хамтдаа ном үзэж үлгэр, өгүүллэг ярих дарааллыг баримтлан хэвшүүлж болно. Хүүхдэдээ багаас нь үдшийн үлгэр уншиж өгч унтуулж сурсан эцэг эхчүүд энэ арга хүүхдийг тайвшруулан унтуулах гайхалтай хэрэгсэл гэдгийг мэднэ.  Мөн хэдийгээр уншиж чаддаг болсон ч гэсэн сургуулийн насны хүүхдэдээ  зориулж дуртай зохиолыг нь уншиж өгөхөд тэдэнд нэг ёсны амралт болдог.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax